l

ТАНИЛЦУУЛГА

“Тэнгэрийн хишиг” компани нь 1998 онд манай орон зах зээлийн нийгэмд шилжин орох үед байгуулагдсан анхны бялуу, нарийн боовны чиглэлийн ууган үйлдвэрийн нэг юм. Эдүгээ энэхүү салбарт 19 дэхь жилдээ бялуу, нарийн боов, талх гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл үйлчилгээ, органик хүнсний бүтээгдэхүүний импорт худалдааны салбарт үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай хамт олон нь хүн ардын үндсэн хэрэглээ болсон талх, гурилан бүтээгдэхүүнийг эх орны эрүүл хөрсөнд ургасан дээд зэргийн улаан буудайн гурил, сарлагийн шар тос, өрөм, жимс,жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүн түүхий эдийг гадны шилдэг импортын бүтээгдэхүүнтэй (шилмэл сортын үр тариа, арвай, бүхэл үрийн болон хөх тарианы гурил) хослуулан дотооддоо нэмүү өртөг шингэсэн, үндэсний тодотгол бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Өнөөгийн байдлаар манай байгууллагын хамт олноос салбарын тэргүүний ажилтан 12 төрөн гарч, яамдын жуух бичгээр 16 ажилтан, МХХ-ны “Шилдэг инженер”-ээр 1 ажилтан шагнагдсаныг дурдах нь зүйн хэрэг билээ. Мөн манай хамт олон нь 2013 онд Канад улсын дэлхийд алдартай “Юнифиллер”компанийн бялуу чимэглэх автомат шугам бүхий технологийг нэвтрүүлсэн анхны компани юм. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан зохицуулах үйлчилгээ бүхий талх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээг хөгжүүлсний үр дүнд хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлээд байна. Эдгээрийн дотроос наранцэгийн үртэй хөх тарианы “Амуу” брэнд талх нь 2012 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон улсын зохион бүтээгчдийн үзэсгэлэнд бусад ижил нэр төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөн “Хүрэл” медаль хүртсэн нь бидний ажлын үр дүн хилийн чанадад үнэлэгдсэн анхны тохиолдол юм.

“Тэнгэрийн хишиг” компани нь байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайханд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал,хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах, тэмдэглэлт өдрүүдээр нийгмийн эмзэг бүлгийн хүүхэд багачуудыг баярлуулах, буян номын үйлд хандив өргөх зэрэг ажлуудыг тогтмолжуулан хийж байна. Үүнээс гадна Монголын Талбайн Теннисний холбоотой хамтран бага насны хүүхдийн бие бялдарын хөгжлийг дэмжих зорилго бүхий “Тэнгэрийн хишиг-ОПЕН” тэмцээнийг 2009 оноос хойш тогтмол зохион байгуулж буй бөгөөд 2016 оноос хойш Олон улсын теннисний холбооны “Мини-Теннис” хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байна. Ийнхүү манай хамт олон Монгол Улсын төрөөс баримталж буй хүнс, (хөдөө аж ахуйн) хөнгөн үйлдвэрлэлийн салбарын шинэчлэл, хөгжилийн бодлогын хэрэгжилийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн бялуу, талх, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэх томоохон зорилт тавин ажиллаж байна.